Хиймэл оюун хүн төрөлхтний цахим харилцааг зохицуулж байна

Анхандаа төсөөлж л чаддаг байсан хиймэл оюун ухаан (AI - Artificial Intelligence) өдгөө хүн төрөлхтний өдөр тутмын амьдралд оролцож байна. Цаасан дээрх бичиг баримт тоон мэдээлэл рүү шилжих тусам хиймэл оюуны чадварын хүрээ тэлж хөгжсөөр байгаа билээ.

Өмнө нь бид хиймэл оюун боловсрол болон эрүүл мэндийн салбарт хэрхэн нөлөөлж байгаа талаарх мэдээллийг хүргэсэн бол энэ удаа бидний харилцааны орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслийг хэрхэн өөрчилж байгааг дурдлаа.

AI БА ХҮНИЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, ялангуяа мэдээллийн сайтуудын хувьд олны анхаарлыг татсан сэдвийн дагуу мэдээг шуурхай бэлтгэх шаардлага тулгардаг. Харин хиймэл оюун сэтгүүлчдийн ажлыг хөнгөвчлөн сэдвээ зөв сонгоход тусалж байна. 

Тухайлбал Knowwhere сайт хиймэл оюунаар дэлхий дахинд трэнд болж буй сэдвийг сонгуулдаг ба тухайн сэдвийнхээ хүрээнд хэдэн мянган эх сурвалж цуглуулж баттай эсэхийг нь судалдаг байна. Дараа нь AI судалгаан дээр үндэслэн мэдээ бичдэг бөгөөд түүнийг сэтгүүлч хянан нийтэлдэг аж.

Мөн "Автомат сэтгүүлзүй" хэмээн нэрлэсэн хиймэл оюун аливаа сэдвийн талаарх хэдэн мянган агуулгыг цуглуулан боловсруулж тэдэн дундаасаа мэдээ бүтээн нийтэлдэг. Гэхдээ үүнийг ёс зүйн хувьд зохисгүйгээс гадна худал мэдээлэл тараах эрсдэлтэй гэж дүгнэн төдийлөн хэрэглэдэггүй аж.

Тэгвэл Patch сайт цаг агаарын мэдээ, валютын ханш зэрэг давтагддаг мэдээллүүдийг хиймэл оюунаар хийлгэж сэтгүүлчийн ажлыг хөнгөвчилдөг ба нийтлэлийн гарчигт тохирсон зургийг AI-н тусламжтай хайдаг байна.

Харин Германы Opinary сайтын ашиглаж буй хиймэл оюун нийтлэлийн агуулгад үндэслэн инфографик буюу өгөгдлийн интерактив дүрслэл үүсгэж тохирох хэсэгт нь байршуулдаг аж.

ЦАХИМ ОРЧИН

Олон сая хэрэглэгчтэй цахим харилцааны платформууд хиймэл оюуныг ашиглан үйлчилгээгээ сайжруулж байна.

Тухайлбал Facebook компанийн Deep Learning, Deep Text системүүд хэрэглэгчдийн үзэж буй зураг, видео, постын агуулгад анализ хийн тохирох зар сурталчилгааг харуулдаг бол Face Recognition системийн ачаар хүний царайг зургаас танин мэдэгдэл хүргүүлдэг байна.

Харин Twitter компани Tweet Recommendations системийн ачаар хэрэглэгчийн жиргээнүүдээс хандлагыг нь тодорхойлон аль цагт, ямар сэдвээр жиргэхийг зөвлөдөг. Мөн Removing Hateful Accounts систем нь хэт нэг талыг барьсан, үймээн самууныг дэвэргэсэн, үзэн ядалтын жиргээ, хаягийг устгадаг бол Image Cropping Tools систем нь хэрэглэгчийн нийтэлсэн зургийн хамгийн сонирхол татахуйц хэсгийг тод харуулдаг аж.

Тэгвэл Instagram дээрх Search Suggestions систем хэрэглэгчийн сонирхож болзошгүй зургийг хайлт хэсэгт харуулдаг байна.

Худал мэдээлэлтэй тэмцэх

Цахим сүлжээний хамгийн том сул тал нь худал мэдээлэл. Хэн нэгний нэр төрийг гутаах, гүтгэн доромжлох, залилах, үймээн самуун дэгдээх зорилготой худал мэдээллүүд жил ирэх тусам олширч байна.

Цахим орчинд оролцогчдыг маш амархан өөртөө итгүүлэх эдгээр мэдээллүүдийн улмаас хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нэр хүнд ч буурч эхэлсэн. 

Тэгвэл хиймэл оюун нь худал мэдээллийг илрүүлж, устгахад суралцаж буй. Автоматаар сайжрах компьютерын алгоритм (Machine learning) ашиглан өдөр тутмын мэдээ мэдээлэлд хяналт тавьж, ялгаа хамаарлыг танихыг сурж байна.

Хүн төрөлхтний худал мэдээлэлтэй тэмцэх арга хиймэл оюуны ачаар улам бүр сайжирч, цахим орчны аюулгүй байдлыг робот хангадаг болж магадгүй юм.

Эх сурвалж: https://gogo.mn/r/3qgew