Apple компани шинэ үеийн батарейтай автомашиныг 2024 онд үйлдвэрлэхээр ажиллаж байгааг мэдээлжээ

Дэлхийн технологийн томоохон компани Apple өөрийн зохион бүтээсэн автомат жолоодлоготой цахилгаан машиныг 2024 онд зах зээлд танилцуулахаар ажиллаж байгааг уг төсөлд ойр ажилладаг хэд хэдэн эх сурвалж Ройтерс агентлагт өчигдөр мэдээлжээ.

Ингэхдээ тус компани өөрийн нээсэн батарейн шинэ технологийг ашиглах юм байна.

Apple компани анх 2014 онд өөрийн брэндийн автомашин бүтээх Project Titan нэртэй төслийг эхлүүлж байв. Төслийн явцад бүрэн хэмжээний автомашин бүтээх санаанаасаа буцаж, зөвхөн автомат жолоодлогын программ хангамж бүтээхээр болсон тухай мэдээлэл тарж байсан юм.

Тэгвэл эх сурвалжуудын мэдээлснээр Теслад ажиллаж байсан Аpple-ийн анхны ажилтнуудын нэг Даг Фельд 2018 онд дээрх төсөлд эргэж ирснээр үйл ажиллагаа нь эрчимжсэн байна.

2019 онд тэр төслийн багт бүтцийн томоохон өөрчлөлт хийж, 190 хүний ажлын байрыг цомхотгосон гэнэ.

Энэ шинэчлэлтээс хойш Project Titan төслийн ажил нэлээд урагшилж, цахилгаан хөдөлгүүртэй суудлын автомашин зохион бүтээх эцсийн зорилготой ажиллаж байгааг эх сурвалжууд мэдээлжээ.

Уг төслийн зүрх нь маш бага өртөгтэй, автомашиныг илүү хол зам туулуулах чадвартай батарейн шинэ технологи болохыг мөн мэдээлсэн байна.

Гэхдээ цахилгаан хөдөлгүүрт автомашиныг тэгээс эхлэн зохион бүтээж, үйлдвэрлэх ажил нь маш их хөрөнгө оруулалт, цаг хугацаа шаардана. Илон Маскийн Тесла компани 17 жилийн дараа л ашигтай ажиллаж эхэлснээс үүнийг харж болох юм.

“Энэ том ажлыг гүйцэтгэх чадалтай, хөрөнгөтэй компани манай дэлхий дээр Apple-аас өөр байхгүй байх. Гэхдээ энэ бол гар утаснаас өөр гэдгийг мартаж болохгүй” хэмээн Project Titan төсөлд ажиллаж буй нэг мэргэжилтэн ярьжээ.

Шинэ автомашиндаа Apple олон тооны lidar мэдрэгчийг ашиглахаар төлөвлөж буйг өөр эх сурвалж мэдээлсэн байна. Зайнаас объект мэдрэх зориулалттай уг лазерын технологийг саяхан iPhone 12 Pro загварын ухаалаг гар утасны камерт нэвтрүүлсэн юм.

Apple-ийн хөгжүүлж буй батарейн технологийг LFP буюу lithium iron phosphate гэдэг, энэ нь  батарейн шинэ үеийн технологи бөгөөд “iPhone анх гарч ирсэн шиг хувьсгал болно” гэж төсөөлж байгаагаа Apple-ийн төсөлд ажиллаж буй мэргэжилтэн ярьжээ.

 

Эх сурвалж: https://ikon.mn/n/22sn