SpaceX-ын Starlink хиймэл дагуулын интернэт үйлчилгээний үнэ ил болжээ

Илон Маскын үүсгэн байгуулсан SpaceX компани хиймэл дагуулын холбоогоор дэлхийн өнцөг булан бүрт өндөр хурдтай интернэт үйлчилгээ үзүүлэх Starlink төслийг хэрэгжүүлж байгаа билээ.

Өнөөдрийн байдлаар уг төсөлд $10 тэрбумын хөрөнгө оруулж, 800 гаруй хиймэл дагуулыг дэлхийн нам өндрийн тойрог замд байрлуулаад байгаа. 

Хиймэл дагуулын тоо нь цаашид нэмэгдсээр олон мянгад хүрэх юм. Starlink төслийнхөн саяхнаас хязгаарлагдмал тооны туршилтын хэрэглэгчдэд үйлчилгээгээ үзүүлж эхэлсэн байна.

Уг туршилтын үйлчилгээний үнэ тарифыг Ройтерс агентлаг SpaceX компанийн имэйлээс олж мэдээлжээ.

Үйлчилгээний тоног төхөөрөмжийн үнэ $499, сарын хураамж нь $99 болсон байна.

Туршилтад оролцохыг хүссэн АНУ-ын Вашингтон, Уисконсин, Айдахо мужийн иргэд энэ долоо хоногоос эхлэн Starlink-ийн антенн, төхөөрөмжийг хүлээн авч эхэлжээ.

Интернэтийн хурд ойрын хэдэн сарын хугацаанд 50Mb/s-150Mb/s хооронд хэлбэлзэж, latency хугацаа нь 20ms-40ms хооронд байхыг SpaceX-ийн хэрэглэгчдэдээ илгээсэн имэйлд тайлбарлажээ.

Дээрх үзүүлэлтүүд цаашдаа хиймэл дагуулын тоо нэмэгдэх тусам сайжрах гэнэ. Мөн тодорхой хугацаанд ямар ч холболтгүй болж болзошгүйг сануулсан байна.

Хэрвээ үйлчилгээ таалагдахгүй бол төхөөрөмжүүдээ буцааж илгээгээд төлбөрийнхөө 75 хувийг буцааж авах боломжтой ажээ.

Эх сурвалж: https://ikon.mn/n/20tg