Сингапур царай таних технологийг иргэний бүртгэлдээ нэвтрүүлсэн дэлхийн анхны улс болох гэж байна

Ирэх оноос эхлэн Сингапурын сая сая иргэн төрийн болон банкны үйлчилгээ авахдаа бичиг баримтаа шалгуулахын оронд царайгаа таниулах боломжтой болох гэж байна.

“Бид технологийн дэвшлийг иргэдийнхээ ажил, амьдралд үр ашигтай нэвтрүүлэхийн төлөө байнга ажилладаг” гэж уг төслийг удирдаж байгаа Сингапурын засгийн газрын GovTech агентлагийн мэргэжилтэн Квок Куэк Син хэвлэлд ярьжээ.

Царайгаар таних технологийг өнөөдөр гар утсыг нээхээс эхлээд төлбөр тооцоо хийх хүртэл хэрэглээнүүдэд нэвтрүүлээд байгаа. Мөн зарим улсын засгийн газар нисэх буудлаар зорчиж байгаа аялагчдыг танихад хэрэглээд эхэлсэн байна.

Харин Сингапурын хувьд анх удаа иргэний бүртгэлийн мэдээллийн сандаа хүмүүсийн царай төрхийг хадгалж байгаагаараа анхдагч юм.

Царайгаар таних технологийг эхний ээлжинд тус улсын татварын газар, тэтгэврийн сан зэрэг төрийн байгууллагуудад туршиж эхэлжээ. Хувийн байгууллагуудаас Сингапурын хамгийн том банк DBS уг туршилтад оролцож байна.

Гэхдээ зарим хүмүүс Сингапурын засгийн газар энэ технологийг иргэдийн эрх чөлөөний эсрэг ашиглахаас болгоомжилж байгаагаа илэрхийлцгээжээ. Эдийн засгийн либерал орчинтой, дэлхийн санхүүгийн томоохон төвд тооцогддог ч Сингапурын эрх баригчид өөрсдийг нь шүүмжлэх явдалтай хатуу тэмцдэгээрээ алдартай.

GovTech агентлагийн Квок ярихдаа засгийн газар уг мэдээллээ аль нэг гуравдагч этгээдтэй хуваалцахгүй, иргэдэд бичиг баримтаа ашиглах давхар боломж байгаа тул санаа зовох шаардлагагүй гэж тайлбарлажээ.

Эх сурвалж: https://ikon.mn/n/20jg