МТ-ийн инженерийн шалгалт 30 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа

Монгол Улсын Засгийн газраас 2017 онд баталсан “Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого 2017-2025”, 2018 онд баталсан “Гурван талт хөгжлийн бодлого”, 2019 онд баталсан “Цахим засаглал” үндэсний хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, "Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого", Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг баримт бичгүүдэд цахим засгийг хөгжүүлэх, тоон технологийг нэвтрүүлэх замаар төрийн үйлчилгээг иргэн төвтэй хэлбэрт шилжүүлэх зэрэг томоохон зорилт, арга хэмжээ төлөвлөгдсөн.

МТҮП нь энэхүү бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангах, шаардлагатай хүний нөөцийг бэлтгэх ажлын хүрээнд Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт олон арга хэмжээ зохион байгууллаа. Эдгээрийн нэг нь 2020 оны 10 сарын 05-09-ний хооронд Япон улсын МТ-ийг дэмжих агентлагтай хамтран Юнител ХХК, Мандах МТ-ийн дээд сургууль, Шинэ Монгол Технологийн дээд сургууль, Хэнтий аймаг, Багануур дүүргийн ЗДТГ болон Налайх дүүргийн ЗДТГ-т МТ-ийн инженерийн шалгалтыг танилцуулах семинарыг зохион байгуулсан.

Тус семинарын үр дүнд энэ жил Монгол улсад 30 дахь удаагаа зохион байгуулагдаж буй МТ-ийн инженерийн шалгалтанд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, их дээд сургуулийн багш оюутнууд, хөдөө, орон нутгийн төрийн захиргааны ажилтнууд идэвхитэй оролцлоо.

Шалгалт нь МТ-ийн паспорт шалгалт, МТ-ийн инженерийн суурь шалгалт, МТ-ийн инженерийн ахисан түвшний шалгалт гэсэн 3 ангиллаар зохион байгуулагдсан бөгөөд нийт 129 шалгуулагч хамрагдлаа. Шалгалтын дүн 1 сарын дараа гарах бөгөөд МТҮП-ын вэб хуудсанд байршуулах болно. 

Шалгалтанд тэнцсэнээр Азийн 12 хүлээн зөвшөөрөгдсөн сертификат гардан авахаас гадна Монгол улсын мэдээллийн технологийн мэргэшсэн болон зөвлөх инженерийн болзлуудын нэгийг хангаж, япон улсад мэргэжлээрээ ажиллах, тус улсын МТ-ийн компаниудтай танилцан, үнэ төлбөргүй сургалтанд хамрагдах зэрэг олон боломжууд нээгдэж байгаа юм.