Хуавэй компани 2021 оноос эхлэн гар утаснуудаа өөрийн бүтээсэн үйлдлийн системтэй зах зээлд нийлүүлэхээр болжээ

Шэнжэн хотод болж буй хөгжүүлэгчдийн чуулганы үеэр Хятадын технологийн компани Хуавэй 2021 оноос эхлэн үйлдвэрлэгдэх гар утаснууддаа өөрийн зохиосон үйлдлийн системийг нэмэлтээр суулгах болсныг зарлажээ.

Harmony OS гэж нэрлэдэг энэхүү системээ бусад гар утас үйлдвэрлэгчдэд мөн санал болгох гэнэ. Өөрөөр хэлбэл Хуавэйн шинэ гар утаснууд Андроид системээс гадна Harmony OS системийн сонголттой болох юм.

Хуавэй компани өнгөрсөн онд дэлхийн тэргүүлэх гар утасны үйлдвэрлэгч болж байсан ч одоо дэд байранд шилжээд байгаа. Үүнд АНУ-ын засаг захиргаанаас тавьсан худалдааны хориг нөлөөлсөн юм.

Дэлхий дахинд бүх ухаалаг гар утаснууд Google-ийн Андроид, Apple-ийн iOS гэсэн хоёрхон системд хуваагддаг. Нийт ухаалаг гар утаснуудын 85 орчим хувь нь Андроид системтэй бол 15 хувь нь iOS системтэй юм.

Гурав дахь үйлдлийн систем бий болгох оролдлогууд бүгд бүтэлгүйтэж байв. Тухайлбал Samsung Tizen, Amazon FireOS, Microsoft Windows Phone, Canonical Ubuntu зэрэг системүүдийг үүнд нэрлэж болно.

Одоогоор Хуавэй компани гар утаснуудаа Андроид системтэй гаргаж чадаж байгаа ч Google-ийн үйлчилгээнүүдийг нэвтрүүлэх боломжгүй байгаа. Google-ийн үйлчилгээнүүд хаалттай байдаг Хятадын зах зээлд энэ нь асуудал болохгүй ч гадаад зах зээлд бэрхшээл учруулж байна.

Хуавэй компани Harmony OS системээ жилийн өмнө танилцуулж байв. Одоогоор уг систем нь зөвхөн ухаалаг бугуйн цаг, телевиз, болон бусад ухаалаг төхөөрөмжүүдэд зориулагдсан байгаа.

Харин энэ оны арванхоёрдугаар сараас туршиж эхлэх Harmony OS 2.0 хувилбар нь гар утсанд зориулагдах ба 2021 оны аравдугаар сард албан ёсоор зах зээлд нэвтрүүлэх гэнэ.

АНУ-ын худалдааны хоригийн улмаас Хуавэй компани есдүгээр сарын 15-наас эхлэн Kirin процессороо үйлдвэрлэгчээс нь авах боломжгүй болж байгаа.

Хоригийн дагуу Өмнөд Солонгосын Samsung, SK Hynix компаниуд бас санах ойн чипээ нийлүүлэхээ зогсоож байна.

Гэсэн хэдий ч Хуавэй компани эд ангиудаа хориг эхлэхээс өмнө хангалттай нөөцөлсөн тул нэг хэсэгтээ үйлдвэрлэл нь тасалдахгүй гэсэн мэдээлэл бий. Хуавэй компанийн гар утасны бизнесийн хувь заяа арваннэгдүгээр сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс хамаарна гэж ажиглагчид дүгнэж байна. Сонгуулийн дараа Цагаан ордонд хэн эзэн суухаас хамааран Вашингтоны байр суурь өөрчлөгдөж, Хятадын технологийн компаниудын эсрэг тавьсан худалдааны хориг зөөлөрч магадгүй юм.

 

Эх сурвалж: https://ikon.mn/n/1ze5