Амазон компани интернэт үйлчилгээ үзүүлэх зорилгоор 3,200 гаруй хиймэл дагуул хөөргөх зөвшөөрөл авлаа

АНУ-ын онлайн худалдааны хамгийн том компани Амазон өнгөрсөн долоо хоногт 3,200 гаруй хиймэл дагуулыг тойрог замд байрлуулах зөвшөөрлийг засгийн газраасаа авсан байна.

Тус компани дэлхийн бөмбөрцгийг бүрхсэн хиймэл дагуулын өндөр хурдны интернэт үйлчилгээ нээхээр ажиллаж байгаа юм. 

Project Kuiper нэртэй энэ төсөлдөө Амазон компани $10 тэрбумыг зарцуулаад байгаа. Энэ төслийн хүрээнд Вашингтон мужийн Рэдмонд хотод хиймэл дагуул зохион бүтээх судалгааны төв нээсэн юм.

Амазоны интернэт үйлчилгээтэй ижил төстэй үйлчилгээг Илон Маскын SpaceX компани мөн нээхээр ажиллаж байгаа. SpaceX компани хиймэл дагуул хөөргөх зөвшөөрлөө 2018 онд авснаас хойш 422-ыг тойрог замд байрлуулаад байна. Цаашдаа энэ тоо 12,000 болж нэмэгдэх төлөвлөгөөтэй байгаа юм.

Сансар судлал бол Амазоны үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн баян хүн Жэф Безосын хамгийн их анхаарал тавьж буй салбар. Тэрбээр хүн төрөлхтөн бүх аж үйлдвэрээ тойрог замд байрлуулж, дэлхийг зөвхөн хүн амьдрах гараг болгох ёстой гэж үздэг юм.

Амазон компани интернэт үйлчилгээгээ хэзээ эхлэх тухай мэдээлэл өгөөгүй байна. Харин хиймэл дагуулуудаа 2026 оны долдугаар сараас өмнө хөөргөх зөвшөөрлийг АНУ-ын Харилцаа Холбооны Зохицуулах Хороо өгчээ.

 

Эх сурвалж: https://ikon.mn/n/1y8k