АНУ-ын хөрөнгийн зах зээлийн сүүлийн өдрийн арилжааны үеэр Фэйсбүүк компанийн хувьцааны үнэ өсөж, гүйцэтгэх захирлынхаа хөрөнгийн хэмжээг анх удаа $100 тэрбумд хүргэжээ.
Зукербэрг нь дэлхийн хамгийн том сошиал платформ Фэйсбүүкийн 13 хувийг эзэмшдэг. Цар тахлын үеэр хүмүүсийн хоорондоо зайнаас харилцах хэрэгцээ нэмэгдсэн нь түүний хөрөнгийг өсөхөд нөлөөлжээ.
Саяхан бас тус компани Хятадын TikTok үйлчилгээтэй ижил төстэй Reels үйлчилгээг Инстаграм сүлжээндээ нээсэн нь хувьцааны үнэ өсөхөд нөлөөлсөн байна.
Зукербэрг өмнө нь Фэйсбүүкт эзэмшдэг хөрөнгийнхөө 99 хувийг амьдралынхаа туршид буяны үйлсэд зарцуулахаа мэдэгдэж байжээ.