Маргааш Америкийн технологийн дөрвөн аварга компанийн захирлууд Конгресст мэдээлэл өгнө

Маргааш буюу Лхагва гарагт Google, Apple, Facebook, Amazon компаниудын гүйцэтгэх захирлууд анх удаа Конгрессийн сонсголд хамт оролцож, хууль тогтоогчдын асуултад хариулна.

Энэ нь шударга бус өрсөлдөөнийг хянан шалгах ажлын хүрээнд зохион байгуулагдаж байгаа ажил юм.

Өөрөөр хэлбэл эдгээр томоохон компаниудыг зах зээлд шударга бусаар өрсөлдөж, дангаар ноёлж байж болзошгүй гэж Конгрессийн гишүүд үзэж байгаа.

АНУ нь газрын тос, төмөр зам, банк санхүүгийн зэрэг салбаруудад хэн нэгэн дангаар ноёрхохоос сэргийлж ирсэн 100 гаруй жилийн түүхтэй. 

Гэхдээ энэ зохицуулалт нь өнөөдөр 21 дүгээр зууны технологийн аварга компаниудад хэрэгжих боломжгүй болоод байгаа юм.

Тиймээс Конгрессийн ажлын хэсэг дээрх компаниудын бизнесийн үйл ажиллагаанд шалгалт явуулж байгаа

Хэрвээ шалгалтыг өргөжүүлэх шаардлагатай гэж үзвэл эцэстээ монополийг хязгаарлах шинэ хууль бий болж, дээрх дөрвөн компани хэт томрох боломжгүй болох юм.

Сонсголд Google болон Alphabet компаниудын гүйцэтгэх захирал Сундар Пичай, Apple-ийн гүйцэтгэх захирал Тим Кук, Амазоны гүйцэтгэх захирал Жэф Безос, Фэйсбүүкийн гүйцэтгэх захирал Марк Зукербэрг нар анх удаа цуг суух юм. Гэхдээ коронавирусийн цар тахлын улмаас тэд видео холбооны систем ашиглан сонсголд суух магадлалтай байна.

Мөн дэлхийн хамгийн баян хүн гэгддэг, $171.6 тэрбумын хөрөнгөтэй Жэф Безос анх удаа конгресст “байцаагдах” гэж байгаагаараа онцлог болж байна.

Google компанийн хувьд сурталчилгаа, хайлтын системийн зах зээлд хэт давуу байдалтай болсон хэмээн сэжиглэгдэж байгаа. Apple-ийн хувьд App Store аппликэйшн дэлгүүртээ бусад хөгжүүлэгчдийн бүтээгдэхүүнд ялгавартай ханддаг гэсэн сэжиг бий.

Фэйсбүүк компани сүүлийн жилүүдэд WhatsApp, Instagram, Giphy зэрэг компаниудыг худалдан авч, хүчээ нэмсэн нь анхаарал татаж байна.

Амазоны хувьд өөрийн брэндүүдийг түлхүү борлуулж, гуравдагч үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнтэй шударга бус аргаар өрсөлддөг гэсэн яриа бий.

 

Эх сурвалж: https://ikon.mn/n/1y3b