Мэдээлэл, технологийн үндэсний парк нь салбарын байгууллагууд болон төрийн албан хаагчдыг сайн дурын, авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэхийг уриалж байна.

Мэдээлэл, технологийн үндэсний паркын хамт олон МТ-ийн салбарын байгууллагууд болон төрийн байгууллагуудын сайн дурын оролцоог нэмэгдүүлж цусны донорын эгнээг өргөжүүлэх зорилгоор  “Цус хандивлах аян” -ыг 2020 оны 7-р сарын 24-ний өдөр халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн зохион байгууллаа.

ДЭМБ-ын судалгаагаар тухайн улс орны хүн амын гурван хувь нь цусаа тогтмол бэлэглэдэг бол улсынхаа цусны хэрэгцээг хангана гэж үздэг. Манай улсад энэ үзүүлэлт 0,8 хувьтай байна. Монгол улсын хэмжээнд сүүлийн 10 жилд донорын тоо болон цус цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ хоёр дахин өссөн ч төрөхийн хүндрэл, осол гэмтэл, хорт хавдар, төрөлхийн цусны эмгэгүүд болон бусад өвчлөл нэмэгдэж буйтай холбоотойгоор цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ мөн адил өссөөр байна.

2020 оны 1-р сараас хойш “Цус судлалын үндэсний төв”-ийн цус цуглуулалт COVID-19-тэй холбоотойгоор ердийн үеийнхээс буурах цаашлаад цусны хомсдолд орох эрсдэлтэй нөхцөл байдал бий болсон тул МТҮП-ын зүгээс салбарын байгууллагууд болон төрийн албан хаагчдыг сайн дурын, авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэхийг уриалж байна.

“Цус хандивлах аян”-нд сайн дураараа оролцож хүмүүнлэгийн үйлсийг дэлгэрүүлэх үйл ажиллагааг маань дэмжсэн МТҮП-ын инкубаторт бойжиж буй гарааны компаниуд, “Шинжлэх ухаан технологийн сан”, “Интерактив ХХК”, “Ай Си Ти Групп” ХХК, “Өргөө-2” кино театр зэрэг байгууллагууд болон тэдгээрийн ажилчдад талархсанаа илэрхийлье. 

Хүмүүнлэгийн сайн үйлс дэлгэрэх болтугай.