Америкийн олон сая дагагчтай твиттер хуудсуудыг хакерууд эзэлж, биткоины луйврын мэдээ цацаж эхэлжээ

Билл Гэйтс, Жэф Безос, Илон Маск зэрэг тэрбумтнууд, Uber, Apple, Square зэрэг томоохон компаниуд, экс ерөнхийлөгч Барак Обама, дэд ерөнхийлөгч асан Жо Байден нарын зэрэг Америкийн олон сая дагагчтай твиттер хуудсууд өчигдөр хакеруудын гарт орсон байна.

Эдгээр хуудсуудаар $1,000-той тэнцэх биткоиныг заасан хаягт илгээвэл хоёр дахин өсөөд буцаж ирнэ гэсэн агуулгатай луйврын мэдээний холбоос цацагджээ.

Хакеруудын ажиллагааны талаар Твиттер компанид мэдэгдсэний дараа тэдгээр мэдээнүүдийг устгасан байна.

Твиттер компани болсон явдлын мөрөөр шалгалт явуулж эхэлсэн ба системийн цоорхойг засварлах арга хэмжээг яаралтай авахаа мэдэгджээ.

Луйврын мэдээнд заасан дансанд $101,300-тай тэнцэх биткоин шилжсэн байгааг мэргэжилтнүүд тогтоосон байна. Гэхдээ энэ нь луйвардуулсан хүмүүсийн мөнгө биш, харин хакерууд дансаа хууль ёсны мэт харагдуулахын тулд өөрсдөө шилжүүлсэн биткоин байх гэж дүгнэжээ.