Мэдээллийн технологийн мэргэжилтний практик ур чадварын шалгалт(TOPCIT)-ыг 7 дахь удаагаа Монгол улсад амжилттай зохион байгууллаа

Мэдээлэл, Технологийн Үндэсний Паркаас жилд 2 удаа зохион байгуулдаг мэдээллийн технологийн мэргэжилтний практик ур чадварын шалгалт(TOPCIT)-ыг өнөөдөр буюу 06 сарын 10-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн шалгалтанд мэдээллийн технологийн салбарт ажиллаж буй 9 инженер, мэргэжилтэн хамрагдсан бөгөөд анх удаа IBT систем буюу интернэтэд суурилсан системээр зохион байгуулагдсанаараа онцлог  юм. 

Шалгалтад “тэнцсэн”, “тэнцээгүй” гэсэн ойлголт байхгүй бөгөөд нийт 1,000 онооноос авсан оноогоороо 5 түвшинд үнэлүүлдэг. Өнөөдрийн байдлаар хамгийн дээд 2 түвшин болох “Мэргэжлийн түвшин”, “Зөвлөх түвшин” гэсэн үнэлгээнд нийцсэн шалгуулагч Монгол улсад хараахан байхгүй байна.

Харин “Өрсөлдөхүйц чадвартай” гэсэн түвшинд өөрийгөө тодорхойлоод байгаа 3 оролцогч манай улсад байдаг. Тэднээс хамгийн өндөр оноог(565) авсан Г.Золжаргал нь энэ жил 3 дахь удаагаа өөрийн мэргэжлийн ур чадварын түвшингээ тодорхойлох, ахиулах зорилгоор энэхүү шалгалтад хамрагдсан бөгөөд түүнээс цөөн хэдэн асуултад хариулт авсан юм. 

  • Таны бодлоор Топсит шалгалтын ач холбогдол юу вэ? 

  • Топсит шалгалт нь харьцангуй олон төрлийн мэдлэг шалгадаг. Бусад мэдээллийн технологийн инженерүүдийн шалгалт нь менежмент тал дээр түлхүү төвлөрч шалгадаг бол топсит нь ангилал тус бүр дээр оноогоор дүгнэдэг учир аль чиглэлдээ сайн эсвэл муу байна вэ? гэдгээ мэдэж авах боломжтой байдаг.  Дунд түвшинд ажиллаж буй инженерүүдийн хувьд өөрийнхөө түвшинг тодорхойлж, аль чиглэлээрээ илүү мэргэших шаардлагатай вэ? гэдгээ мэдэж авах зэрэг ач холбогдолтой. 

  • Топсит шалгалтад хамрагдахаар сонирхож байгаа мэргэжилтнүүдэд өөрийн зүгээс юу гэж зөвлөмөөр байна вэ?

  • Монгол улсаас топсит шалгалтад хамрагдсан хүмүүсийн дундаж оноо нь суурь мэдлэгтэй суралцагч гэсэн түвшинд байдаг юм билээ. Топсит шалгалтад хамрагдахаар сонирхож байгаа хүмүүст хандаж хэлэхэд шалгалтын салбар тус бүрт авсан өөрийн оноог дүгнэж сурах хэрэгтэй байх. Жишээ нь: шалгалт анх өгөхөд програм хангамжийн салбар дээр бага оноо авсан бол дараагийн удаа шалгалт өгөхдөө бага оноо авсан салбартаа түлхүү анхаарч бэлтгэх зэрэг өөрийнхөө ур чадварыг шалгалтын оноон дээр үндэслэн дүгнэдэг байх хэрэгтэй. “Угаасаа би бага оноо авах юм чинь өгч яах юм бэ?” гэж бодож болохгүй, харин дараагийн удаа тухайн салбартаа оноогоо бүтэн авах гэж зорих нь чухал байх.  

  • Таны бодлоор Топсит шалгалтын практик ач холбогдол нь юу вэ?

  • Миний хувьд 2 жилийн өмнө топсит шалгалтад хамрагдахад бизнесийн салбарын хэсэгт бусад салбараасаа муу оноо авсан байсан. Ингээд сүүлийн нэг жилийн хугацаанд бизнесийн салбарын мэдлэгээ дээшлүүлэхийг зорьсон. Өөрийн ур чадварыг олон салбарт бодитоор үнэлж, чадвараа дээшлүүлэх боломжтой байдаг тул топсит шалгалт нь ач холбогдол өндөртэй юм. 

  • Ярилцсанд баярлалаа.