Фэйсбүүк компани LIVE стримийг төлбөртэй явуулах боломжийг нэмэхээр болжээ

Коронавирусийн цар тахлын улмаас дэлхий даяар хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдөж, компаниуд үүнд нь зохицуулан бүтээгдэхүүнүүдээ шинэчилж байна.

Тэгвэл дэлхийн хамгийн том сошиал платформыг эзэмшдэг Фэйсбүүк компани Facebook Live стриминг үйлчилгээндээ үзэгчээс төлбөр авах боломжийг нэмэх болсноо өчигдөр зарлажээ.

“Жижиг бизнесүүд, контент бүтээгчдийг дэмжих үүднээс бид хуудсуудаар Live видео хийхдээ үзэгчээс төлбөр авдаг боломжийг нэмэхээр төлөвлөж байна. Үүнд онлайн концерт, тоглолтуудаас эхлээд хичээл, хурал зөвлөгөөн зэрэг бүх үйл явдлын видео стрим байх боломжтой” гэж тус компанийн мэдэгдэлд өгүүлсэн байна.

Шинэ боломж хэзээ нээгдэх талаар тодорхой хугацаа хэлээгүй ч “сарын дотор хэрэгжинэ” гэж мэдээлжээ.

Үүнээс гадна Фэйсбүүк компани “Event” буюу арга хэмжээ үүсгэж байгаа хүмүүст “online only” гэсэн төрлийг сонгох боломж нэмж байгаа гэнэ.

Цар тахлын улмаас олон хүн нэг дор цугларах боломжгүй болж байгаатай холбоотой зөвхөн онлайн орчинд зохион байгуулагдах арга хэмжээг үүгээр зарладаг болох юм байна.

 Эх сурвалж: https://ikon.mn/n/1v8o