Apple компани хямд үнэтэй iPhone SE загварынхаа шинэ хувилбарыг танилцууллаа

АНУ-ын технологийн компани Apple 2016 онд дундаж үнэтэй гар утасны зах зээлд зориулж iPhone SE загвараа анх гаргаж байв. 2018 оноос энэ загварынхаа үйлдвэрлэлийг зогсоосон юм.

Тэгвэл өчигдөр Apple энэхүү загварынхаа шинэ хувилбарыг зах зээлд гаргах болсныг зарлажээ.

iPhone 8 загвартай ижил хийц загвартай шинэ iPhone SE нь 4.7 инчийн IPS LCD дэлгэцтэй, Touch ID буюу хурууны хээ мэдрэгчтэй Home товчийг нүүрний доод хэсэгтээ агуулжээ.

iPhone 11 загвартай адил A13 Bionic процессортой ч арын камер нь ганцхан 12 мегапикселийн дурантай юм. Нэг үгээр хэлбэл шинэ iPhone SE процессор, камерыг нь сайжруулсан iPhone 8 болсон байна.

Хүчирхэг A13 Bionic процессор нь камерны боломжийг нэлээд нэмжээ. Тухайлбал Smart HDR горимд зураг авах боломжтой болжээ. Энэ нь нэг зургийг бүтээхдээ олон дахин авсан зурагнуудыг нийлүүлж боловсруулалт хийдэг гэсэн үг. Бас хөрөг зураг авахад зориулсан “monocular depth sensing” технологийг нэвтрүүлжээ.

Арын камераар “cinematic” түвшний тогтворжуулалттай 4K видеог секундэд 60 кадрын үзүүлэлттэй авч болохоор болсон байна.

Нүүрний 7 мегапикселийн камер нь бас хөрөг зураг авах горимтой болжээ.

Утасгүй цэнэглэх технологитой iPhone SE нь 64GB, 128GB, 256GB багтаамжтай зах зээлд гарч байна.

Хамгийн хямд хувилбар нь $399-ийн үнэтэйгээр дөрөвдүгээр сарын 24-нөөс АНУ-ын зах зээлд худалдаалагдаж эхэлнэ.

Шинэ iPhone SE нь хар, цагаан, улаан гэсэн гурван өнгөний сонголттой, харин нүүрэн хэсэг нь бүгд хар өнгөтэй болсон байна.

Эх сурвалж:https://ikon.mn/n/1ut2