“Сүүлийн үеийн трэнд технологийн чиг хандлага” сэдэвт сургалт зохион байгуулагдана.

Мэдээлэл, технологийн үндэсний парк (МТҮП) нь Япон улсын Гадаадтай үүсгэх техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг/AOTS/-той хамтран “Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийг анх 2007 оноос хэрэгжүүлж эхэлсэн билээ. 

Энэхүү хөтөлбөрөөр МТ-ийн инженерийн шалгалтанд бэлтгэхэд шаардлагатай сургагч багш нарыг бэлтгэх зорилготой бөгөөд нийт 4 удаагийн сургалтанд 90 гаруй багш, мэргэжилтнүүдийг хамруулж гэрчилгээ олгоод байна.

Хөтөлбөр нь 2012 оноос хойш зогсонги байдалд ороод байсан хэдий ч ITPEC буюу МТ-ийн инженерийн шалгалтын гишүүн орнуудын удаа дараагийн хүсэлтийн дагуу дахин хэвийн үргэлжилж 2019 онд Филиппин, Вьетнам, Тайланд, Мьянмар зэрэг 4 оронд хэрэгжээд байна. 

Монголд улсад “Сүүлийн үеийн трэнд технологийн чиг хандлага” сэдвээр хуваарийн дагуу энэ жил зохион байгуулагдах болсонд баяртай байна. 

Тус хөтөлбөрт Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаас оролцох боломжтой бөгөөд МТ-ийн инженерийн шалгалтанд тэнцсэн, цаашид сургагч багшаар ажиллах сонирхолтой 30 оролцогчид үнэ төлбөргүй суралцах эрхийг олгож байгаа юм. 

Хөтөлбөр нь 2 ээлжээр 10 хоногийн турш үргэлжлэх бөгөөд нэгдүгээр ээлж 2020 оны 6 сарын 22-26, хоёрдугаар ээлж 6 сарын 29-өөс 7 сарын 03-ны хооронд МТҮП дээр зохион байгуулагдана.

Сургалтанд нэг байгууллагаас 2 хүртэлх суралцагч хамрагдах боломжтой тул шаардлага хангасан оролцогчид suvd@itpark.mn цахим шуудангаар хүсэлтээ илгээнэ үү.