Apple компани хуучин iPhone-уудыг зориуд удаашруулсныхаа төлөө $500 саяыг төлөхөөр болжээ

Apple компани хуучин загварын iPhone гар утаснуудын ажиллагааг зориуд удаашруулж байсныхаа төлөө $500 хүртэл саяыг төлөх шийтгэл хүлээж байгааг АНУ-ын Калифорни мужийн шүүх зарлажээ.

Тодруулбал шүүхэд гомдол гаргасан хуучин гар утастай Америк хэрэглэгч тус бүр $25-ыг нөхөн төлбөрт авах юм байна.

Хуучин загварын iPhone гар утаснуудад iOS системийн сүүлийн хувилбарыг суулгахад ажиллагаа нь удааширдаг асуудал олон жил яригдаж байв. 2017 оны арванхоёрдугаар сард Apple компани анх удаа хуучин гар утаснуудын ажиллагааг программын аргаар зориуд удаашруулдаг болохоо хүлээн зөвшөөрсөн юм.

Тус компани энэ үйлдлээ хуучин гар утасны муудсан батарей хэт ачааллаас халж, гэнэт унтардаг асуудлыг шийдэхийн тулд гаргасан шийдэл гэж тайлбарлаж байв.

Харин хэрэглэгчид үүнийг нь хуучин гар утаснуудыг зориуд удаашруулж, шинэ гар утас авахаас өөр аргагүй болгосон гэж үзээд шүүхэд хандсан юм.

Энэ шүүмжлэлийн дараа Apple компани хуучин iPhone гар утаснуудын батарейг шинээр солих үнээ хямдруулж байсан ч маргаан дуусаагүй үргэлжилжээ.

Шүүхийн шийдвэрийн дагуу хэдэн хэрэглэгч гомдол гаргахаас шалтгаалан Apple компани нийт $310-$500 саяыг нөхөн төлбөрт зарцуулахаар болж байна.

iPhone 6, 6 Plus, 6s, 6s Plus, 7, 7 Plus, SE загваруудын хэрэглэгч АНУ-ын иргэн бүр шүүхэд хандаад $25-ыг нөхөн төлбөрт авч болохоор болжээ.

Заасан хугацаанд гомдол гаргасан хүмүүсийн тоог бүрэн гаргасны дараа $25 нь өсөх, эсвэл буурах боломжтой гэнэ.

эх сурвалж >> https://ikon.mn/n/1t60