Майкрософт “Windows 7” системийнхээ үйлчилгээг зогсоолоо

Өнөөдрөөс эхлэн Майкрософт компани “Windows 7” үйлдлийн системийнхээ үйлчилгээ, арчилгааг бүрмөсөн зогсоож байна.

Бараг 11 жилийн өмнө Нью Йорк хотод нээгдэж байсан энэхүү бүтээгдэхүүн нь Майкрософтын өмнөх “Windows Vista” системийн алдаа доголдлыг засварлаж, Windows-ийн хамгийн тогтвортой сайн хувилбарт тооцогдож байв.

Сүүлд гарсан “Windows 10” хувилбар “Windows 7”-той ижил зах зээлийн эзлэмжтэй болохын тулд дөрвөн жилийг зарцуулсан гэдэг. Өнөөдөр ч уг систем нийт PC зах зээлийн 26 хувийг эзэлсэн хэвээр байгааг Netmarketshare-ийн мэдээллээс харж болно.

Олон сая “Windows 7” хэрэглэгч өнөөдрөөс эхлэн хамгаалалтгүй, халдлагад өртөх магадлалтай болж байна. Гэхдээ энэ системийн бизнес болон боловсролын хувилбарыг эзэмшигчид жил бүр мөнгө төлөх замаар Майкрософтоос үйлчилгээ, техникийн туслалцааг нь хэсэг хугацаанд үргэлжлүүлэн авч болох юм.

Тухайлбал “Windows 7 Enterprise” хэрэглэгчид 2020 онд $25, 2021 онд $50, 2022 онд $100 төлж ашиглана. 2023 оноос эхлэн ямар ч үйлчилгээгүй болох ажээ.

Ийм өндөр зардалтай систем хэрэглэж байснаас шууд “Windows 10” руу шилжсэн нь илүү ашигтай болж байна.