“ФРОНТЕР ФИНТЕК ХАКАТОН” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Монголын инновацын-7 хоног”, “Frontier Fintech Summit 2019” арга хэмжээний хүрээнд “Фронтер финтек Хакатон” тэмцээнийг Улаанбаатар инновацын төвд 2019 оны 05 дугаар сарын 09-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

 “Фронтер финтек Хакатон” тэмцээний нийт шагналын сан 8000 ам. доллар бөгөөд ивээн тэтгэгчээр АНУ-ын “Ай Оү Эч Кей” (IOHK) компани болон Кардано сан, ерөнхий зохион байгуулагчаар Мэдээллийн технологийн үндэсний парк, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар, Шинжлэх Ухаан Технологийн их сургууль, Ард санхүүгийн нэгдэл, Стэппэ групп зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж, нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат, Кардано сангийн тэргүүн Ларс Бранжус нар оролцлоо.

Энэхүү “Фронтер финтек Хакатон” нь блокчейн, санхүүгийн технологи болон олон улсын хамтын ажиллагааны платформ хөгжүүлэх зорилгоор энтрепренёрууд, оюутан залууст зориулсан сургалтын хөтөлбөр бөгөөд “Ай Оү Эч Кей” (IOHK) компанийн боловсруулсан ухаалаг гэрээний програмчлалын хэл сэдвийн хүрээнд сургалт болон даалгавар гүйцэтгэх гэсэн 2 хэсэгтэй зохион байгуулагдсан.

Тэмцээнд Голомт банк, Мобиком зэрэг банк санхүүгийн байгууллага болон СЭЗИС, МУИС-ийн ХШУС, ШУТИС-ийн БуХС, МХТС, ГУУС, Этүгэн ИС зэрэг их дээд сургууль, хувийн хэвшлийн нийт 64-н оюутан залуус 15 баг болон оролцож маш богино хугацаанд оюун ухаанаа уралдуулан идэвхтэй оролцож, шүүгчдийн бүрэлдэхүүн 3-н түвшинд нийт 8-н байрыг шалгаруулж, бүх оролцогчдыг сертификат, мөнгөн шагналаар урамшууллаа.

           Ахисан түвшинд: 

1- байр -ШУТИС-ийн ГУУС-ийн “Trailerpark баг”

2- байр- RMIFX баг 

         Дунд түвшинд: 

1- байр – ШУТИС-ийн МХТС –ийн  “SCHRODINGERS BIT” баг

2- байр- Мобикомын “EMONEY” баг 

3-р байр- Голомт банкны “LAMBDA” баг 

        Анхан шатны түвшинд: 

1- байр –Этүгэн их сургуулийн   “ETUGEN”  баг 

2- байр- ШУТИС-ийн MСM баг

3-р байр- Мобикомын   “JUST IN TIME”  баг

Энэ удаагийн “Фронтер финтек Хакатон” нь орчин үеийн дэвшилтэт технологи болох блокчейн технологийг Монгол Улсад нутагшуулах, залуучуудад блокчейн технологийн мэдлэг, туршлага олгох, цаашид гадны зах зээлд гарах боломжийг бий болгох зорилгоор зохион байгуулагдсан нь онцлог байлаа.