Олон улсын Мэдээллийн техонологийн инженерийн 27 дахь удаагийн шалгалт амжилттай болж өндөрлөлөө

Монгол Улсад мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн ур чадварын стандарт болон ур чадварыг үнэлэх Олон улсын шалгалтын системийг МТҮП нь анх 2006 онд анх  нэвтрүүлж эхэлснээс хойш 13 дахь жилтэйгээ золгож байна.

Энэхүү нэр хүндтэй шалгалтыг (МТИШ) явуулах албан ёсны зөвшөөрлийг Монгол Улсад олгосноор манай байгууллага уг шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулсаар ирсэн бөгөөд үүний үр дүнд мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүдийн эзэмшвэл зохих мэдлэг, чадварын төвшинг нэгдсэн загварт оруулж улмаар тэднийг олон улсад үнэлүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлж чадсан юм.

МТҮП нь энэхүү шалгалтаа 27 дахь удаагаа 2019 оны 4 сарын 28-ны өдөр амжилттай зохион байгуулсан бөгөөд 217 шалгуулагч бүртгүүлснээс 212 шалгуулагч ур чадвараа сорьлоо. Шалгалтанд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын мэргэжилтэн, техник хангамжийн инженерүүд оролцсоноос гадна “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Сусано технологи” ХХК-ийн инженер, техникч, програм хөгжүүлэгч болон МУИС-ХШУИС, ШУТИС-Нээлттэй боловсролын институт, СЭЗИС-ийн оюутнууд хамрагдав.

Энэхүү шалгалт нь мэдээллийн технологийн инженерүүдийн мэдвэл зохих алгоритм, өгөгдлийн сан, сүлжээ, аюулгүй байдал, мултьмедиа, техник хангамж, програм хангамж, системийн бүтэц, компьютерийн бүтэц, програмчлалын С болон Жава хэлний мэдлэгийг шалгахаас гадна тухайн шалгуулагчийн стратеги, менежментийн мэдлэгийг шалгадгаараа онцлог юм. Мөн МТИШ-ыг явуулах эрх бүхий олон улсын гишүүнчлэлтэй  6 орон багтдаг бөгөөд тус гишүүн орнууд нэгдсэн журмын дагуу нэг өдөр, нэг цагт, ижил асуултан дор шалгалтаа зохион байгуулдагаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл газар зүйн байрлал үл харгалзан шалгалт товлосон өдөр, эхлэх цаг, үргэлжлэх хугацаа яг ижил төдийгүй шалгалтын асуулт-даалгавар ч ялгаагүй ижил байна гэсэн үг.

Олон улсын Мэдээллийн технологийн инженерийн шалгалт (МТИШ)-ын цар хүрээ улам өргөжиж, шалгуулагчдын тоо өмнөх онуудын тооноос даруй 2 дахин нэмэгдсэн нь манай залуус мэдлэгээ дэлхийд үнэлүүлэн үнэлэмжээ өсгөхөд анхаарч буй нь харагдаж байна.

Шалгалтын дүн 1 сарын дараа МТҮП-ын вэб хуудсанд тавигдах бөгөөд шалгуулагч нь өөрийн шалгуулагчийн дугаараар дүнгээ харах боломжтой юм.