Мэдээлэл технологийн үндэсний парк Сингапур улсын ACE /Action Community for Entrepreneurship/ байгууллагатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Мэдээлэл технологийн үндэсний парк нь Сингапур улсын энтрепренёр гарааны компаниудыг дэмжин ажилладаг ACE /Action Community for Entrepreneurship/ байгууллагатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. 

Хамтын ажиллагааны хүрээнд  талууд:

  • Монголын бизнес эрхлэгчдийг Сингапур болон Зүүн өмнөд Азийн зах зээлд гаргах
  • Энтрепренёршип арга хэмжээнүүд, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх
  • Стратегийн түншлэлийг өргөжүүлэх гэсэн үндсэн 3-н төрлийн арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Дээр дурдсан арга хэмжээнүүдийн эхлэл болгон МТҮП, Азийн бизнесийн холбоотой хамтран 10 долоо хоногийн “Access Asia” Экспортын хурдасгуур хөтөлбөрийг  2019 оны 4 дүгээр сараас 6 дугаар сарын хооронд зохион байгуулахаар болсноо өнөөдөр хэвлэлийн бага хурлаар зарлалаа. Тус хөтөлбөрт хамрагдсан байгууллагууд Австрали, Англи, Филиппинээс гаралтай Ази - Номхон далайн бүсийн хэмжээнд амжилттай бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, өндөр туршлагатай, мэргэшсэн менторуудын удирдлага дор 10-н долоо хоногийн хурдасгуур хөтөлбөрт хамрагдана. Хурдасгуур хөтөлбөрийн төгсгөлд демо өдөрлөг болох ба эхний хоёр байр эзэлсэн компаниуд 2019 оны 7-р сард Сингапур улсад зохион байгуулагдах “Маркет Ассess Program” 3 долоо хоногийн хөтөлбөрт санхүүгийн хөнгөлөлттэйгөөр хамрагдах юм.

Түүнчлэн хамтын ажиллагааны хүрээнд талууд Залуу энтрепренёр хөтөлбөрийг хэрэгжүүлж ялагчийг мөн Сингапур улсад зохион байгуулагддаг Young Entrepreneurship хөтөлбөрт хамруулахаар боллоо.

Цаашид талууд Монголын бизнес эрхлэгчдийг Сингапур улсын зах зээлд нэвтрэхэд боломж олгох чиглэлээр хамтын ажиллагааны хүчин чармайлт гаргах, энтрепренёршипийн чадавхийг бэхжүүлэх хөтөлбөрийг боловсруулах, арга хэмжээнүүдийг зохион байгуулах, харилцан бие биенээ хөгжүүлэхэд стратегийн дэмжлэг үзүүлэх түүнчлэн Зүүн өмнөд Ази болон Төв Азийн орнуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллана.