Японы бизнес эрхлэгчидтэй Аутсорсингийн үйлчилгээний чиглэлээр санал солилцлоо

Мэдээлэл, технологийн үндэсний паркаас МТ-ийн гадаад аутсорсингийг дэмжих ажлын хүрээнд 2019 оны 1-р сарын 16-нд гадаад аутсорсингийн үйлчилгээ эрхлэх сонирхолтой болон эрхэлж буй хувь хүн, компаниудын төлөөлөл, Японы Осака хотын бизнес эрхлэгчид, мэдээллийн технологийн оролцогч нарын хамтарсан уулзалтыг зохион байгуулж санал солилцлоо.

Уулзалтаар Япон талын төлөөлөгчид 2020 оны Токиогийн олимп, 2025 оны Осака экспо зэрэг арга хэмжээтэй холбоотойгоор мэдээллийн технологийн ажлууд ихээр нэмэгдсэн, тэдгээрийг аутсорсинг байдлаар гүйцэтгүүлэх ажлын хэрэгцээ шаардлага ихээр байгааг танилцуулав. Энэ чиглэлийн хил хязгааргүй ажлыг гүйцэтгэхэд итгэлцэл, чанар, хямд өртөг шаардлагатай тул нэгдсэн бодлого, түүнийг төлөөлөх, хариуцах байгууллага нь МТҮПарк байгааг олзуурхан онцлов.

Монголын компаниудын хувьд гадаад аутсорсинг тэр тусмаа Японоос ажил гүйцэтгэж байсан компаниуд цөөнгүй оролцсон бөгөөд дээрх компаниудын зүгээс ажлын захиалга авахын тулд Японд төлөөлөгч байршуулах, урт хугацаанд үргэлжлэх ажил олддоггүй г.м хүндрэлүүд тулгардаг талаар тайлбарлаж харилцан ярилцлаа. 

Цаашид МТҮП-ийн зүгээс захиалагч болон гүйцэтгэгч талуудыг харилцан ашигтай хамтран ажиллах боломжоор хангахад анхаарч ажиллах энэ чиглэлээр төлөвлөгөөтэй ажлуудыг зохион байгуулж, үр дүнд хүрэхийг зорин ажиллахаа илэрхийллээ.