Ухаалаг гар утасны 2019 онд нэвтрэх гол дэвшлүүд

2018 он ухаалаг гар утасны үйлдвэрлэгчдэд сайн жил байгаагүй. Гар утасны зах зээл тасралтгүй өндөр өсөлттэй явж ирснээ энэ оноос эхлэн удааширсан. 

Технологийн ямар нэг том дэвшил 2019 онд гаргахгүй бол үйлдвэрлэгчдийн зовлон үргэлжлэх ирээдүй харагдаж байна. Тэгвэл мэргэжилтнүүд ирэх онд шинээр үйлдвэрлэгдэж, зах зээлд гарах ухаалаг гар утаснуудын гол дэвшлүүдийг нэрлэж байгааг хүлээн авна уу.

Эдгээрийн аль нэгийг нэвтрүүлээгүй бүтээгдэхүүн зах зээлд амжилт олох магадлал бага юм.

Тавдугаар үеийн харилцаа холбооны технологитой гар утас ирэх оны трэнд болох төлөвтэй. Qualcomm компани 5G модем, түүнтэй ажиллаж чадах процессорыг 2019 оны эхний хагаст нийлүүлэхээр болсон тул гол Андроид үйлдвэрлэгчид шинэ технологитой бүтээгдэхүүнүүдээ зах зээлд танилцуулж амжихаар болсон. Харин Apple компани iPhone-доо 2020 оноос нааш 5G нэвтрүүлэхгүй гэсэн мэдээлэл бий.

Гэхдээ үүрэн холбооны компаниудын ихэнх нь 2019 онд сүлжээгээ шилжүүлж амжихгүй тул 5G-гийн жинхэнэ ид шидийг 2020 оноос наана үзэх боломжгүй байх өндөр магадлалтай.

НУГАРДАГ ДЭЛГЭЦ

Өнгөрсөн сард Өмнөд Солонгосын Самсунг дундуураа нугардаг дэлгэц бүхий гар утасны туршилтын загварыг үзүүлсэн. Тэд ирэх онд ийм дэлгэцтэй бүтээгдэхүүн зах зээлд гаргахаа амлаад байгаа.

Гэхдээ нугардаг дэлгэцтэй гар утасны бодит хэрэгцээ, хэрэглээ ямар байх нь тодорхойгүй хэвээр байна.

НҮХТЭЙ ДЭЛГЭЦ

Бүтэн нүүр эзэлсэн дэлгэц 2018 оны нэг трэнд байсан. Гэхдээ нүүрийг 100 хувь дэлгэц болгоход камер, яригч зэрэг тоноглол саад болж байгаагаас энэ онд iPhone X-ийн “хар оруулгатай” дизайныг үйлдвэрлэгчид бараг бүгд ашигласан. Харин 2019 онд үүнийг халж, дэлгэцний дунд камерт зориулсан “нүх” гаргасан дизайн давамгайлах төлөвтэй байна.

ДЭЛГЭЦЭН ДОР НУУГДСАН ХУРУУНЫ ХЭЭ УНШИГЧ

Нүүрийг дэлгэцээр 100 хувь бүрэхэд саад болж буй нэг эд анги нь хурууны хээ уншигч юм. Зарим үйлдвэрлэгч үүнийг гар утасны ар талд шилжүүлсэн бол Apple оронд нь царай таних систем нэвтрүүлсэн билээ.

Тэгвэл энэ жил зарим жижиг үйлдвэрлэгчид (жишээ нь OnePlus 6T) хурууны хээ уншигчийг дэлгэцэн дор байрлуулах технологийг танилцуулж эхлээд байна. Энэ хандлага ирэх онд үргэлжлэх бололтой.

 ОЛОН КАМЕРНЫ ӨРСӨЛДӨӨН

Ухаалаг гар утасны өрсөлдөөнд камерны тоо чухал үүрэгтэй болж эхэллээ. Хоёр жилийн өмнө хос камертай анхны гар утас гарч байсан бол энэ жил ар талдаа 5 камертай гар утсыг Нокиа гаргахаар болсон байна.

Саяхан Самсунг дөрвөн камер ар талд нь суулгасан загвараа зах зээлд гаргалаа. LG-гийн V40 ThinQ загвар өвөр талдаа 2, ар талдаа 3 камертай болсон байна.

Олон камерны ачаар гар утсаар буулгасан зураг улам чанартай болохоос гадна нэг зургийг олон өнцгөөс зэрэг буулгах боломжтой болох юм.

 

 Эх сурвалж: https://ikon.mn/n/1gqw