Хиймэл оюун ухаантай роботууд хүнтэй адил түвшинд хүрэх хугацааг мэргэжилтнүүд тодорхойлжээ

Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаан буюу Artificial Intelligence-ийн хүчин чадал, аюул заналын талаар хүмүүс маргалдах болсон.

Роботууд хүнтэй ижил түвшинд сэтгэдэг болох тэр чадварыг Artificial General Intelligence (AGI) гэж нэрлэдэг болоод байгаа.

Яг одоогийн байдлаар эрдэмтэд, мэргэжилтнүүд тоо томшгүй олон ухаалаг систем зохион бүтээгээд байгаа ч тэдний аль нь ч хүний тархины чадварт дөхөж очоогүй байгаа юм.

Тэгвэл энэ долоо хоногт хэвлэгдэн гарч байгаа “Architects of Intelligence” номонд тус номын зохиолч, ирээдүй судлаач Мартин Форд өнөөдрийн хиймэл оюуны салбарт тэргүүлж яваа 23 хүнээс нэг асуултыг асуужээ.

Тэднээс асуусан асуулт нь “Хиймэл оюун ухаант роботууд яг хэдэн жилийн дараа хүнийг гүйцэх вэ? Ядаж 50 хувийн магадлалтай хэлээч” гэсэн байв.

Асуултанд хариулагсдын дотор DeepMind компанийн гүйцэтгэх захирал Дэмис Хассабис, Google AI компанийн захирал Жэф Дин, Стэнфордын судлаач Фэй Фэй Ли нар багтжээ.

Нийт 23 хүний 18 нь уг асуултад хариулсан байна. Тэдгээрийн дотроос Google-ийн мэргэжилтэн Рай Курцвэл 2029 онд гэж хариулсан нь хамгийн эрт байсан бол iRobot компанийн үүсгэн байгуулагч Родни Брүкс 2200 он гэсэн нь хамгийн хол хугацаа байв.

Бусад нь 2029-2200 оны хооронд хариулж, дундаж нь 2099 он буюу өнөөдрөөс 81 жилийн дараа гэсэн хариулт байжээ.

Товчхондоо роботууд хүнтэй эн зэрэгцэх хугацаа тийм ч ойрхон биш гэдэг нь эндээс харагдаж байна.

 Эх сурвалж: https://ikon.mn/n/1fyr