Verizon аравдугаар сарын 1-нээс эхлэн өрхүүдэд 5G сүлжээгээр интернэт хүргэхээр болжээ

Сүүлийн жилүүдэд 5G буюу тавдугаар үеийн харилцаа холбооны технологийн талаар их яригдаж байгаа ч амьдрал дээр хэрэгжсэн зүйл байхгүй байгаа.

Тэгвэл АНУ-ын Verizon харилцаа холбооны компани ирэх сарын нэгнээс эхлэн цөөн хэдэн хотод 5G сүлжээгээр өрхийн интернэт үйлчилгээ үзүүлэхээр болсноо зарлажээ.

Verizon-ий өөрийнх нь хэрэглэгчдэд сарын $50-аар хүрэх энэ үйлчилгээг бусад хэрэглэгчид $70-аар авах гэнэ. Интернэтийн хурд 300Mbps-1Gbps байх ба дата урсгалын хэмжээнд ямар нэг хязгаарлалт байхгүй гэжээ.

Энэ бол ямар нэг утас, кабельгүйгээр ийм өндөр хурдны интернэт хүргэж байгаагаараа чухал үйл явдал болж байна.

Гэхдээ мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Verizon-ий 5G нь үнэндээ стандарт 5G биш гэнэ. Учир нь 5G сүлжээний стандарт саяхан батлагдсан. Харин Verizon зөвхөн өөрийн сүлжээнд, өөрийн төхөөрөмжтэй ажиллах стандарт бус 5G сүлжээг бий болгоод байгаа гэжээ.

Зөвхөн агаараар дата дамжихдаа миллиметрийн долгионы зурвас ашиглаж байгаа нь түүнийг 5G гэж нэрлэхэд хүргэж байгаа гэнэ.

Гэхдээ анхдагч болохоор яарсан Verizon удахгүй ерөнхий стандарт руугаа шилжих боломжтой юм.

Шинэ үйлчилгээ нь Хьюстон, Индианаполис, Лос Анжелес, Сакраменто хотуудад хүрэх ба хэрэглэгчдээ ирэх Пүрэв гарагаас бүртгэж эхлэхээр болжээ.

 

source >> https://ikon.mn/n/1dqe