Google $5 тэрбумаар торгуулсныхаа дараа Андроидыг төлбөртэй болгох талаар ярьж эхэллээ

Европын Холбооны шударга өрсөлдөөнийг дэмжих байгууллага өчигдөр АНУ-ын технологийн Google компанид $5 тэрбумын торгууль ноогдуулж байгаагаа зарлалаа.

Түүхэнд хамгийн өндөрт тооцогдож байгаа уг шийтгэл нь тус компанийг Андроид системтэй гар утаснуудад өөрийн апликэйшнүүдийг урьдчилан суулгаж, бусад тоглогч нарын шударгаар өрсөлдөх боломжийг хаадаг гэсэн шалтгаантай юм.

Гар утас үйлдвэрлэгчид Google-ийн Андроид системийг ямар нэг үнэ төлбөргүй бүтээгдэхүүндээ ашигладаг. Харин гар утсаа үйлдвэрээс гаргахдаа тус компанийн хайлт, Chrome броузер, Play Store дэлгүүр, Maps, Gmail зэрэг үйлчилгээнүүдийг урьдчилан суулгасан байх нөхцөл тавьдаг юм.

Тэгвэл энэ нөхцөл нь бусад програм хөгжүүлэгчдийн боломжийг хааж байна гэж Европын эрх баригчид дүгнэжээ.

Google компани энэ шийдвэрийг давж заалдахаа мэдэгдээд байна. Үүнээс гадна тус компанийн гүйцэтгэх захирал Сундар Пичай өчигдөр өөрийн блогтоо Андроидын бизнес загварыг өөрчлөх тухай бичжээ.

Тэрээр Европчуудын шийдвэрийг Андроидын одоогийн бизнес загварыг үгүйсгэж байгаа тул цаашдаа гар утас үйлдвэрлэгчдээс Андроид систем ашигласны төлбөр авдаг болохоос өөр аргагүй болж байгааг өгүүлсэн байна.

Андроид нь өнөөдөр дэлхий дээр хамгийн өргөн тархсан гар утасны үйлдлийн систем юм. Пичай цухуйлгасан санаагаа хэрэгжүүлэхээс өмнө Samsung, HTC, Huawei зэрэг томооохон гар утас үйлдвэрлэгчдийн саналыг тусгах нь гарцаагүй.

source >> https://ikon.mn/n/1cav