Хиймэл оюун ухаан лабораторийн туршилтаас олон амьтныг аварна

Орчин үеийн шинжлэх ухаанд эм, химийн бодиснуудын хор нөлөөг шалгахын тулд амьд амьтан дээр турших зайлшгүй хэрэгтэй болдог.

Гэвч удахгүй энэ зорилгоор амьтны амь золиослох шаардлагагүй болж, хиймэл оюуны тусламжтай туршилтын үр дүнг мэдэх боломжтой болж байгааг Toxicological Sciences сэтгүүлд бичжээ.

 Тодруулбал урьд өмнөх бүх туршилтын үр дүнгээс суралцсан хиймэл оюун ухаан одоо хэдэн арван мянган химийн нэгдлийн хор нөлөөг урьдчилан хэлэх чадвартай болсон байна. Ингэж хэлсэн дүгнэлт нь бодит амьтан дээр хийсэн туршилтын дүнгээс ч илүү нарийвчлалтай, найдвартай байгааг дээрх нийтлэлд өгүүлжээ.

Одоогоор дэлхий дээр 28 эм үйлдвэрлэгч, 93 стартап компаниуд эмийн туршилтын олон шаттай, зардал өндөр, нүсэр үйл явцыг хиймэл оюуны тусламжтай хялбарчлахын тулд их хэмжээний хөрөнгө зарцуулан ажиллаж байгаа юм.

Тухайлбал өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ-ын эрх баригчид өөрийн судлаачид, мэргэжилтнүүдийг Мэриландын Бетеседа дахь Үндэснй Эрүүл Мэндийн Хүрээлэнд цуглуулж, тэдний энэ чиглэлд хийгээд байгаа ажлуудыг нэгтгэн дүгнэхэд урьд өмнө амьтан дээр туршиж байсан 40,000 орчим химийн бодисуудын амьд биетэд үзүүлэх нөлөөг хиймэл оюунаар тодруулж чаддаг болоод байжээ.

Европын Холбоо ч хиймэл оюунаар туршилтын үр дүнг тааварлах чиглэлд ихээхэн ажил гүйцэтгэсэн байна. Тэд урьд нь амьтан дээр хийсэн 800,000 туршилтын үр дүнг дижиталчилж, хиймэл оюунт машины мэдлэгийн санд оруулахаар ажиллаж эхэлсэн гэнэ. Тиймээс удахгүй маш олон амьтад лабораторийн туршилтын золиос болохоос аврагдах ажээ.

source >> https://ikon.mn/n/1cjg