МОНГОЛЫН ИННОВАЦИЙН 7 ХОНОГИЙН ХҮРЭЭНД “HACK UB: BETA ENTREPRENEUR” ИРЭЭДҮЙН ЭНТРЕПРЕНЁРҮҮДИЙН СУРГАЛТ, УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Монголын инновацийн 7 хоног” арга хэмжээний хүрээнд БСШУСЯ, ШУТИС, МУИС, МТҮП зэрэг байгууллагууд хамтран "HACK UB: BETA ENTREPRENEUR" ирээдүйн энтрепренёдүүдэд зориулсан сургалт, уралдааныг 2018 оны 5-р сарын 11-13-ны өдрүүдэд МТҮП-д амжилттай зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Шинжлэх ухаан технологийн их сургууль, Монгол улсын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль, Мандах их сургууль, Шинэ Монгол Косэн зэрэг сургуулиудын 200 гаруй оюутан залуус бүртгүүлсэнээс 50 оролцогчыг шалгаруулан, тэдгээрт Энтрепренёр хүн болж төлөвшихөд шаардлагатай (Энтрепренёр сэтгэлгээ, Баг бүрдүүлэлт, Загварчлах сэтгэлгээ, Бизнес загвар, Анхны загвар хөгжүүлэлт, боловсруулалтын програм хангамж, Оюуны өмч, Санхүүжилтийн олон талт хэлбэр, Бизнес найраа зэрэг) мэдлэг, чадварыг богино хугацаанд олгов.

 

Энэ удаагын арга хэмжээний гол онцлог нь 50 оролцогч 10 багт хуваагдан Улаанбаатар хотын хөгжил, сорилт, тулгамдсан асуудалд бүтээлчээр хандах даалгавартай байсан бөгөөд хоёр шийдлийг шүүгчийн бүрэлдэхүүн шалгаруулж Өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулсаны зэрэгцээ дэмжигч байгууллагаар оролцсон Нийслэлийн үйлдвэрлэл инновацйин газар #Инновацийн төвд багаараа сууж ажиллах 1 сарын эрх, Юнител групп 1 жилийн яриа-датаны хэрэглээ бүхий дугаараар урамшуулав

 

I-р байр: “АТУС” баг нэгдүгээр байранд шалгарсан бөгөөд “Нийслэлийн нийтийн тээврийн автобусны дотоод орчинг загварчлах замаар зорчигчдын үргүй цагийг бууруулан бүтээлч цагийг нэмэгдүүлэх хүн төвтэй үйлчилгээ”-ний шийдлийг санаачлав.  

II-р байр: “ЧИЙГЛЭГ УЛААНБААТАР” баг хоёрдугаарт байранд шалгарсан бөгөөд “Нийслэлийн тоосжилт идэвхждэг саруудад аж ахуй нэгжүүдтэй хамтран нийтийн эзэмшилийн талбайд  усан мананг үүсгэн тоосжилтгүй орчин” бий болгох шийдлийг санаачлав.

ШУТИС-БуХС, Технологийн менежментийн тэнхим. 2018 он