30 НАСНААСАА ХОЙШ БИЗНЕСИЙН САЛБАРТ ӨНДӨР АМЖИЛТАНД ХҮРСЭН 8 ХҮНИЙГ ТА БҮХЭНД ЦУВРАЛ БОЛГОН ХҮРГЭЖ БАЙНА

Бизнесийн салбарт амжилттай явж буй ихэнх хүн эрт эхэлсэн байдаг гэсэн ойлголт олон нийтийн дунд түгээмэл. 30 нас хүрэхээсээ өмнө хангалттай мөнгөтэй болж чадаагүй бол цаашдаа хэцүү байдаг гэсэн зөвлөгөөнүүд ч олон байдаг нь өрөөсгөл. Магадгүй үүнтэй холбоотойгоор, сүүлийн үед залуус хэтэрхий яарч, юу юугүй л өөрийн бизнесийг эхлүүлэх гэдэг болсон нь зарим тохиолдолд тун оновчгүй сонголт болдог. Тэгвэл өнөөдөр, тодорхой хэмжээний туршлага хуримтлуулж байж, дардан бус замыг туулж байж амжилттай бизнес эхлүүлдгийн жишээг харуулах бизнесийн 8 акулын бичил түүхийг цувралаар хуваалцъя.

5. НЕТФЛИКИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ РИД ХАСТИНГС

Өнөө үед Netflix-гүйгээр амьдралыг төсөөлөхөд хэцүү болсон билээ. Хуруу товшоод л стриминг үйлчилгээ, гайхалтай оригинал цувралууд, киноны арвин сан. Үүний ард Рийд Хастингс хэмээх эрхэм бий. Тэр энэ санаагаа 37 нас хүртлээ олоогүй юм. Карьерын эхэн үедээ буюу 1983-1985 онд Рийд Швазиландад энх тайвны корпусын шугамаар ахлах сургуульд математик заадаг байжээ. АНУ-д буцаж ирээд Станфордод суралцаж, компьютерийн шинжлэх ухаанаар магистрын зэрэг хамгаалсан байна. Улмаар тэр Adaptive Technology компанидаа ур чадвараа гаргаж, софтвэйрийн алдааг олж засдаг хэрэгслийг зохион бүтээж байв. Удалгүй 1991 онд өөрийн Pure Software компанийг үүсгэн байгуулж 6 жилийн дараа компаниа 750 саяар зарсан юм. Энэ мөнгөөрөө тэр юу хийхээ мэдэж байлаа. Apollo 13 киноны DVD-ийг түрээсэлж оройтуулсныхаа төлөө 40 доллар төлсөн Хастингс DVD-г хожимдууллаа гэж торгууль төлдөггүй, сараар нь төлбөрөө хийчихвэл хэдэн ч кино авч үзэж болох санааг бодож олжээ. Улмаар энэ санаа Blockbuster, Hollywood Video зэрэг салбарын томчуулыг унагаж, телевиз болоод кино түрээсийн салбарыг эгнэгт өөрчилсөн үйлчилгээ болж хувирсан билээ. Хастингс одоо 2 тэрбум долларын хөрөнгөтэй.

Эх сурвалж: www.unread.today