30 НАСНААСАА ХОЙШ БИЗНЕСИЙН САЛБАРТ ӨНДӨР АМЖИЛТАНД ХҮРСЭН 8 ХҮНИЙГ ТА БҮХЭНД ЦУВРАЛ БОЛГОН ХҮРГЭЖ БАЙНА

Бизнесийн салбарт амжилттай явж буй ихэнх хүн эрт эхэлсэн байдаг гэсэн ойлголт олон нийтийн дунд түгээмэл. 30 нас хүрэхээсээ өмнө хангалттай мөнгөтэй болж чадаагүй бол цаашдаа хэцүү байдаг гэсэн зөвлөгөөнүүд ч олон байдаг нь өрөөсгөл. Магадгүй үүнтэй холбоотойгоор, сүүлийн үед залуус хэтэрхий яарч, юу юугүй л өөрийн бизнесийг эхлүүлэх гэдэг болсон нь зарим тохиолдолд тун оновчгүй сонголт болдог. Тэгвэл өнөөдөр, тодорхой хэмжээний туршлага хуримтлуулж байж, дардан бус замыг туулж байж амжилттай бизнес эхлүүлдгийн жишээг харуулах бизнесийн 8 акулын бичил түүхийг цувралаар хуваалцъя.

4. GAP БРЭНДИЙГ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ ДОНАЛД ФИШЕР

1928 онд Сан Франсискод төрсөн Доналд Фишер хувцас загварын салбарын алдартнуудтай адил замаар замнаагүй юм. Сургуулиа төгсөөд АНУ-ын Тэнгисийн цэрэгт офицерээр ажиллаж, дараа нь тавилга хийгчээр ажиллажээ. 1960 онд 32 настайдаа зочид буудлуудыг засаж шинэчилдэг өөрийн бизнесийг эхлүүлж, Сакраментод Капитол Парк зочид буудлыг худалдан авсан байна. Тэрээр зочид буудлынхаа үйлчилгээний талбайн нэг хэсгийг Levi Strauss & Co-д түрээслүүлжээ. Гэвч хос Levi's жинс буцааж буй хэрэглэгчийг хараад брэндийн загвар ба хэмжээний сонголт тааруу байгааг анзаарчээ. Улмаар Levi's-д илүү олон сонголттой болохыг зөвлөж байжээ. 1969 оны 8 сард 41 насандаа Доналд эхнэрийн хамт хамгийн анхны Gap дэлгүүрийг (generation gap гэсэн утгатай үг) нээж, Levi's жинс, хуурцаг, пянз зэргийг зарах болжээ. Энэ дэлгүүр амжилтанд хүрч, гуравхан жилийн дараа тэд өөрийн Gap нэрийн хувцаснуудыг үйлдвэрлэдэг болж, Banana Republic, Old Navyзэрэг брэндүүдийг худалдаж авчээ. Нас эцэслэх үедээ Доналд Фишер 3.3 тэрбум долларын хөрөнгөтэй байв.

Эх сурвалж: www.unread.today