30 НАСНААСАА ХОЙШ БИЗНЕСИЙН САЛБАРТ ӨНДӨР АМЖИЛТАНД ХҮРСЭН 8 ХҮНИЙГ ТА БҮХЭНД ЦУВРАЛ БОЛГОН ХҮРГЭЖ БАЙНА

Бизнесийн салбарт амжилттай явж буй ихэнх хүн эрт эхэлсэн байдаг гэсэн ойлголт олон нийтийн дунд түгээмэл. 30 нас хүрэхээсээ өмнө хангалттай мөнгөтэй болж чадаагүй бол цаашдаа хэцүү байдаг гэсэн зөвлөгөөнүүд ч олон байдаг нь өрөөсгөл. Магадгүй үүнтэй холбоотойгоор, сүүлийн үед залуус хэтэрхий яарч, юу юугүй л өөрийн бизнесийг эхлүүлэх гэдэг болсон нь зарим тохиолдолд тун оновчгүй сонголт болдог. Тэгвэл өнөөдөр, тодорхой хэмжээний туршлага хуримтлуулж байж, дардан бус замыг туулж байж амжилттай бизнес эхлүүлдгийн жишээг харуулах бизнесийн 8 акулын бичил түүхийг цувралаар хуваалцъя.

2. ФОРД МОТОР КОМПАНИЙГ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ ХЕНРИ ФОРД

Хенри Фордыг мэдэхгүй хүн гэж үгүй биз ээ. Автын салбарт хувьсгал хийсэн тэрээр орчин цагийн авто машины эцэг гэгддэг. Хэдийгээр тэр машин зохион бүтээгээгүй, үйлдвэрлэлийн дамжлагыг сэдэж олоогүй ч энэ хоёрыг нэгтгэж, дундаж орлоготой америк гэр бүлүүд худалдаж авч чадахуйц үнэтэй машин бий болгохыг зорьсон юм. Гэвч энэ бүхэн түүний карьерын эхэн үед тохиогоогүй билээ. Тэрээр чөлөөт цагаараа цуврал туршилт удаан хугацаанд хийсний эцэст 1898 онд буюу 35 настайдаа бүрэн ажиллагаатай машин гаргаж авсан байдаг. Улмаар Александер Малкомсонтой түншилж, ах дүү нарын Dodge Brothers компанитай гэрээ хийсэн аж. Ингээд 1903 онд 6 сарын 16-нд 28,000 долларын хөрөнгөтэйгээр Ford Motor Company мэндэлсэн юм. Таван жилийн дараа 1908 онд Ford Model T хэмээх загварын машин 825 долларын үнэтэйгээр (өнөөгийн ханшаар 22,000 доллар) худалдаанд гарсан нь тун боломжийнд тооцогдож байв. Ердөө 10 жилийн дараа Фордыг 55 настай байхад Америкийн бүх машины тал нь Model T байжээ. Компани ихээхэн амжилт олж, Форд цаашлаад өөрийн эзэнт гүрнийг байгуулж чадсан юм. Тэрээр 80 шахталаа компанийнхаа ерөнхийлөгчөөр ажиллаж 1947 онд 83-тайдаа өөд болсон билээ. Инфляцийг тооцон өнөөгийн ханшид шилжүүлэх юм бол тэрээр 200 тэрбум долларын хөрөнгөтэй байв. Өөрөөр хэлбэл дэлхийн хамгийн баян хүн байсан ажээ.

Эх сурвалж: www.unread.today