"МӨРӨӨДЛӨӨ БҮТЭЭ" Дэлхийн мэргэжилтэн болоход бэлэн үү? сэдэвт семинар зохион байгуулагдах гэж байна.

Мэдээлэл, технологийн үндэсний парк (МТҮП) нь Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн газар болон Япон улсын Мэдээллийн технологийг дэмжих агентлагтай хамтран МТ-ийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, олон улсын түвшинд хүргэх зорилгоор Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын танилцуулах семинарыг 2006 оноос эхлэн зохион байгуулсан.

Энэ жил эдгээр семинаруудын үргэлжлэл болгон “МӨРӨӨДЛӨӨ БҮТЭЭ” уриан дор Дэлхийн мэргэжилтэн болоход бэлэн үү?  сэдэвтэйгээр 2017 оны 10 дугаар сарын 18-нд  Улаанбаатар хот,  10 дугаар сарын 19-нд Дархан-Уул аймагт тус тус зохион байгуулах гэж байна.  

Тус семинар нь мэдээллийн технологийн инженерийн шалгалтын ач холбогдлыг төрийн болон бизнесийн байгууллагын мэргэжилтнүүд, их дээд сургуулийн оюутнуудад таниулан сурталчлах улмаар шалгалтын цар хүрээг тэлэх цаашлаад Монгол хүний МТ-ийн мэдлэг, ур чадварыг дэлхийн түвшинд хүргэх зорилготой.

Монголын мэдээллийн технологийн хөгжлийг хурдасгах гол хүчин зүйлсийн нэг нь мэдлэг чадвартай хүний нөөц бөгөөд олон улсын түвшинд өрсөлдөхүйц  хүний нөөцийн  бэлтгэхэд энэхүү олон улсын шалгалт чухал ач холбогдолтой.

Мэдээллийн технологийн инженерийн шалгалт /МТИШ/ нь 4 түвшний 12 төрлийн шалгалттай бөгөөд  МТҮП одоогийн байдлаар эхний 3 түвшин буюу Мэдээллийн технологийн паспорт шалгалт /МТПШ/, Мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалт /МТИСШ/, Мэдээллийн технологийн инженерийн ахисан түвшний шалгалтууд /МТИАТШ/-уудыг нэвтрүүлэн нийт 23 удаагийн шалгалтыг амжилттай зохион байгуулаад байна.

Энэ удаагийн семинар нь дараах хөтөлбөрийн дагуу явагдах бөгөөд сонирхсон хүн бүхэнд нээлттэйгээр үнэ төлбөргүй явагдах юм. Семинарын үеэр шалгалтанд үнэгүй хамрагдах эрхийг 4 оролцогчид олгох бөгөөд семинарт хүрэлцэн ирсэн хүмүүст 20%-ийн хөнгөлөлт үзүүлнэ.