Бүтээлч байдалд суралцах нь

Дэлхий дээр ердөө гурван төрлийн л хүн байдаг. Эхнийх нь бусад хүмүүсийн хийсэн зүйлийг зүгээр л хараад суудаг хүмүүс, хоёрдох нь бусад хүмүүсийн хийсэн зүйлийг хараад яаж хийснийг нь гайхаж байдаг хүмүүс, сүүлийнх нь энэ бүхнийг бүтээгчид. Энтрепренер бол мэдээж сүүлийн ангилалд багтах хүмүүс. Учир нь аливаа шинэ зүйлийг бүтээхэд тийм ч амархан байдаггүй. Алхам тутамд ямар нэг саад бэрхшээл, бүтэлгүйтэл, урам хугарах үеүдтэй тулгарна. Эхний хоёр ангилалд багтах хүмүүс эдгээр саад бэрхшээлийг давж чаддаггүй учраас бүтээгч байж чаддаггүй. Харин энтрепренерүүд үүнийг  даван туулж чаддаг. Яаж гэж үү? Мэдээж тэдэнд өөрсдийн гэсэн зарчим байдаг. Түүнийгээ ч ягштал биелүүлдэг. Ингээд та бүхэнд бүтээлч энтрепренерүүдийн баримталдаг 5 зарчмыг хүргэж байна.

1. Бүтэлгүйтлээ эерэгээр хүлээн авч, юун дээр алдсанаа тунгаан бодож, түүнээсээ суралц

Байнга бүтэлгүйтсэн ч дахин оролд. Хийсэн бүхэн чинь үргэлж бүтэлгүйтээд, сайн болж өгөхгүй байсан ч гэсэн бүү бууж өг. Оролдоод л бай. Энэ тийм амархан байхгүй ч хамгийн гол нь юун дээр алдсанаа сайн тунгаан бодоод түүнээсээ суралцах хэрэгтэй. Учир нь бидний хийсэн бүхэн туршлагаар улам сайжирч байдаг. Тиймээс л бидэнд ямар нэгэн зүйлийг хийхээсээ өмнө сайн тунгаан бодох цаг хэрэгтэй байдаг. Та алдаанаасаа хэдий чинээ суралцана төдий чинээ хөгжинө. Амьдралын зайлшгүй саад бэрхшээл тулгарах үед ч түүнийг даван туулах хүчтэй байхын тулд алдаа болгоноосоо суралц.

2. Айдсаа баяртайгаар хүлээн авч, түүнтэй нүүр тул

Зохиолч Brendon Burchard  айдсыг гурав ангилж болно гэж үзсэн байдаг.

1.Ихэнх хүмүүс ахиж, дэвшиж, хамгийн амжилттай явах үедээ ямар нэг үнэ цэнэтэй зүйлээ алдахвий хэмээн айдаг. Энэ бол алдахаас айх айдас. Магадгүй энэ нь гэр бүлдээ зарцуулах цаг багасдагтай холбоотой. Тиймээс тэдэндээ хаашаа явж байгаагаа хэлж, ойлгуулж хамтдаа урагшил.

2.Бидэнд цаг үргэлж ямар нэг шинэ зүйлийг хийх шаардлага гардаг. Гэвч энэ үед бид хөгжиж дэвшихээс айдаг нь хачирхалтай. Алхам тутамд мэдэхгүй зүйл гарах ч амжилтад хүрэхийг хүсэж л байгаа бол сурах л хэрэгтэй.

3.Үр дүнгээс айх айдас. Заримдаа хүмүүс хийсэн зүйлийнхээ үр дүнг үзэхээс эмээдэг. Гэвч энэ бол чиний л хийсэн зүйл. Үр дүн нь заавал сайн байх албагүй. Хамгийн гол нь түүнээсээ суралцах хэрэгтэйг дахин сануулая.

3. Хувийн сахилга баттай бай

Жинхэнэ амжилтын амт гэдэг бол шаргуу хөдөлмөрийн үр дүн байдаг. Academy Award-ийн шагналт Jamie Foxx “Би хүүхэд байхдаа үргэлж гадаа тоглохыг хүсдэг байсан ч эмээ минь өдөр бүр миний төгөлдөр хуурын хичээлийг давтуулдаг байсан. Би жинхэнэ амжилтын амтыг мэдрэх хүртлээ энэ хичээл миний амжилтад нөлөөлсөн гэж боддоггүй байв. Би одоо өөрийн сахилга бат, авьяас чадвараа улам хөгжүүлэхийн тулд өдөр бүр 2 цаг төгөлдөр хуур тоглодог болсон” хэмээжээ.

Магадгүй хэн ч чиний энэ шаргуу хөдөлмөр, хүчин чармайлтыг олж харахгүй. Тэд зөвхөн үр дүнг л хардаг. Бүхий л агуу энтерпренерүүд хэний ч танихгүй, хэн ч анзаараагүй тийм л хүмүүс байсан. Тэднийг бурхан ч юм уу хэн нэгэн гэнэтхэн амжилтад хүргэчхээгүй нь лавтай.

Хэрэв чи маргаашийн шагналыг хүсэж байвал өнөөдөр шаргуу хөдөлмөрлө.

4. Унтаж амрах цагаа зохицуулж бай

Унтаж амрах цагтаа унтаж байх нь маш чухал. Энэ цагийг зөв зохицуулж сурснаар илүү эрч хүчтэй, илүү урам зоригтой байна. Бид чинь робот биш шүү дээ. Бидний бие физиологи унтаж амарч байж илүү сайн ажиллахаар бүтээгдсэн. Унтаж амрах цагаа зөв зохицуулахгүй бол хүний мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагаа алдагддаг гэдгийг эмч нар анхааруулдаг. Эрүүл биед саруул ухаан оршино.

5.Бусдын төлөө бай

Зуу зуун жилийн турш хүмүүс амжилтыг зөвхөн шаргуу хөдөлмөр, хүсэл тэмүүлэл хэмээн бодсоор ирсэн. Гэвч юм бүхэн өөрчлөгддөг. Өнөөдөр бид бусадтай хэрхэн харилцаж байна, тэдэнд хэр ихийг өгч, тэдний төлөө юу хийж байгаагаас амжилт гэдэг зүйл улам бүр хамааралтай болж байна. Судалгаагаар ихэнх амжилтад хүрсэн хүмүүс үргэлж бусдын төлөө цохилох зүрхтэй, тэдэнд боломжоороо тусалдаг хүмүүс байсан байна. Өөрөөр хэлбэл бусдын сайн сайхны төлөө хийсэн бүхэн амжилтад хүргэдэг. Тиймээс аль болох бусдад туслахыг хичээх хэрэгтэй.

“Аз жаргал өгснөөр аз жаргал хүртдэг”