Амжилт хэзээ ирдэг вэ?

Шууд л хэлье амжилтад хүрэхэд тохирсон цаг, үе гэж байхгүй. Зөв момент нь тохиогоод л хүн баяжаад, амжилтад хүрчихгүй. Хэрэв тийм байсан бол хүн бүр л өөрийн ээлжээ ирэхийг хүлээн сууж байгаад амжилтын эзэн болох байсан биз.  Яг одоо, энэ цаг мөчөөс буюу өнөөдрөөс л эхлэхээс өөр таарсан мөч гэж хаа ч байхгүй гэдгийг дахин хэлмээр байна.

Ихэнх хүмүүс ямар нэг гайхамшигтай зүйл, мөч тохиохыг хүлээн сууж, хийх ёстой зүйлсээ хойш тавьсаар байдаг. Харамсалтай нь амжилт гаргах оновчтой мөч гэж хэзээ байхгүй бас тохиохгүй. Хоосон горьдлого тавин хүлээн суухын оронд өөрсдийн гарт буй боломж бололцоогоо яг одооноос эхлэн тултал нь ашиглах хэрэгтэй. Хүлээх шаардлагагүйгээр байгаагаа ашиглаж сурна гэдэг чухал чадвар. Тиймээс юуг ч бүү хойш тавьж бай. Өнөөдрийг хэрхэн яаж өнгөрөөж байгаа чинь таныг ирээдүйд хэн болохыг тодорхойлох болно. Иймээс өөрчлөлтийг өнөөдрөөс л өөрөөсөө хийж эхэл.

Та олж харсан буюу олдсон боломж бүрээ бүрэн дүүрэн ашиглахыг хичээж байгаарай. Шинэ боломж гарч ирэх ч түүнийг ашиглах цаг хязгаартай гэдгийг мартаж болохгүй. Заримдаа нэг эсвэл хоёр өдөр, хэдэн цаг, зарим тохиолдолд бүүр хэдхэн минутын дотор шийдвэр гаргах хэрэгтэй болно. Хэрвээ та боломжийг ашиглаж чадаагүй бол боломж танаас төд удалгүй холдон одно. Боломж гэдэг яг л автобус шиг эхнийх нь ирээд явна, араас нь дараагийнх нь ирнэ. Гэхдээ хэзээ гэдгийг нь та мөн л мэдэхгүй. Тиймээс яг одоо гэдгээс өөр тохирсон цаг мөч гэж хаа ч үгүй. Юуг ч хүлээж суух хэрэггүй учир нь та хязгаарлагдмал, дахин нөхөгдөшгүй нөөцөө гарзадсаар байх болно . Юу байгаа түүнийгээ ашиглаад хийж, бүтээж эхэл. Хамгийн гол зүйл бол хөдөлгөөн. Удаан ч бай хурдан ч бай гол нь та байрандаа бус харин цааш хөдөлж байх хэрэгтэй юм.