“IBM Week Mongolia” зохион байгуулагдаж байна

“IBM week Mongolia” зохион байгуулагдаж байна

Технологийн тэргүүлэгч IBM корпорацийн Internet of things буюу Юмсын интернэтийн талбарыг танилцуулах сургалт, хакатон 2017 оны 7-р сарын 1-7-ны өдрүүдэд Мэдээллийн технологийн үндэсний паркад зохион байгуулагдаж байна. Сургалтанд их дээд сургуулийн 300 оюутан, 50 багш, салбарын компаниудын төлөөлөл оролцож буй ба Bluemix үүлэн технологийг ашиглан Node-Red тусламжтайгаар IoT аппликэйшн бүтээж сурах юм. Оролцогчдоос шалгарсан 90 хүн буюу 15 баг хакатон тэмцээнд өрсөлдөж, төгсгөлд нь өөрсдийн хөгжүүлсэн шинэ санаа, инновацилаг шийдлээ танилцуулах болно. Сургалтыг IBM корпорацийн Watson IoT талбар, Дэлхий нийтийн боловсролын санаачилгын тэргүүн, хатагтай Гаяатри Маги явуулж, МТҮП, МУИС, ШУТИС, МУБИС, Шинэ Монгол ТДС, Цахим Мэдлэг ТББ хамтран зохион байгуулж байна.

Юмсын Интернэт гэж юу вэ?

Энэ нь бүх биет юмсыг интернэтэд, бас өөр хооронд нь холбох тухай ойлголт юм. Үүнд үүрэн утас, угаалгын машин, чихэвч, гэрэл, тэр байтугай тухайн төхөөрөмжийн тодорхой хэсэг гээд таны төсөөлж болох бүх зүйлс хамаарна.  Өнөөдөр дэлхий даяар 9 тэрбум төхөөрөмж Интернэтэд холбогдоод байгаа бөгөөд энэ тоо 2020 он гэхэд 50 тэрбум хүрнэ гэсэн тооцоо гарчээ. Юмсын Интернэтийн зах зээл 2025 он гэхэд 2.7 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгаа юм.

Хакатон гэж юу вэ?

Хакатон (hackathon) гэдэг нь hack + marathon гэсэн үгээс гаралтай бөгөөд анх 1999 онд хэрэглээнд орж иржээ. Hack гэдэг нь компьютерт халдах гэсэн утгаараа биш, харин програмчлах хайгуул хийх гэсэн агуулгаар ордог байна.  Хакатон ихэвчлэн танилцуулга сургалтаар эхэлдэг бөгөөд оролцогчид баг бүрдүүлж, санаагаа уралдуулан демо бүтээл гаргахын тулд хэдэн цаг, эсвэл хэдэн өдрийн турш хамтдаа ажиллана. Багуудад мэргэжлийн зөвлөхүүд дэмжлэг үзүүлж болно. Төгсгөлд нь багууд бүтээлээ танилцуулах ба шүүгчид тодорхой шалгуураар шүүж ялагчдыг тодруулдаг. Хакатоноос шинэ бизнесийн оновчтой санаа шийдлүүд төрөх нь олонтаа бөгөөд оролцогчдыг бүтээлч санаа гаргах, шүүн тунгаах, багаар ажиллах, илтгэх, цагийн менежмент хийх зэрэг олон ур чадварт сургадаг ач холбогдолтой юм.